Шинжлэх ухаан, технологи инноваци 2018 үзэсгэлэн Улаанбаатар хотноо
22. 11. 2018

2018 оны "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн баярын арга хэмжээ 21, 22, 23-ны өдрүүдэд тохиож, албан ёсны баярын арга хэмжээ "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаагаар эхэлж байна. Эдийн засгийн хөгжил шинжлэх ухаанаас эхтэй. Тиймээс оюуны үйлдвэрлэлийг дэмжиж 2018 оны шинжлэх ухааны салбарын баяраа “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай тэмдэглэж байна.

"Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдлоор "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" онцлог болдог. Манай эрдэмтэн, судлаачид инновацийн үзэсгэлэнгээрээ дамжуулж шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготой юм.

СТӨ-ний Уран зургийн галерейд ажиллах үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн, их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани, Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлаг, хувийн хэвшлийн хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч, улсын нэгдсэн 3-р эмнэлэг, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп, “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч 120 байгууллагын 1500 орчим нэр төрлийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур , биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэл зэрэг шинжлэх ухааны 6 салбарын бүтээгдэхүүн, технологи, загварууд тавигдах юм.

Энэ удаа монгол эрдэмтдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнг сонирхон ирсэн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж  эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэгүй хамрагдахаас гадна нийслэл, дүүргийн Татвар, Гааль Нийгмийн даатгалын хэлтэс, Оюуны өмчийн газар нэг цэгийн үйлчилгээгээр гарааны компани эрхлэгч, шинэ санаа бүхий инноваци үйлдвэрлэлч нарт мэргэжлийн зөвлөгөөгөөр ханган ажиллах юм.

Шинжлэх ухааны 22 хүрээлэн, төвд өнөөдөр 1700 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Оролцогч байгууллагууд үзэсгэлэнгийн тайзан дээрээс мэдлэг шингэсэн инновацийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхээс гадна бүтээгдэхүүний ЭКСПО худалдаа ажиллана.

2018 оны хувьд гарааны компанийн үйлдвэрлэлийг дэмжиж тусгайлсан талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дангаар оролцох боломжийг гарган өгч,  шинжлэх ухааны салбар, салбараар төрөлжүүлж ижил төстэй бүтээгдэхүүнийг нэг дор таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд илүү ойртуулж өглөө.

ШУТСан салбарынхаа уламжлалт баярыг БСШУСЯ-ны ШУТБГ-тай хамтран  жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд салбарын  хэмжээнд хэд хэдэн тогтоолын төсөл өргөн барьж батлуулж чадсан нь том амжилт юм. 2018 он тус салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлсон онцлог жил болж байна. Монгол Улсын Засгийн газар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлан хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр бодлогын баримт бичгүүд амжилттай хэрэгжсэнээр шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадвартай болж, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавихад чухал түлхэц болох юм.

Түүнчлэн ШУТС-гаас олон бүтээлч ажлыг эхлүүлсэн билээ. 2018 онд инновацийн бүтээгдэхүүнийг онлайн Scientific e-shop платформ баяжигдсанаас гадна “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим” нээн ажиллуулж төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл бүхий оюуны өмчийг гаднын зах зээлд гаргаж, дэлхийд танигдах түгээн дэлгэрүүлэлтийн ажлыг гаднын томоохон сангуудтай хамтран зохион байгууллаа.

Ингэснээр  Инновацийн тухай хуульд тусгагдсан инноваци, инновацийн үйл ажиллагаа, түүний удирдлага, хуваарилалт, дэд бүтэц, санхүүжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн судалгааны ажил буюу оюуны өмчийн шинэ бүтээлийн лиценз ашиглалтыг үйл ажиллагаагаар дэмжиж, оюуны өмчийн соёл нутагших боломжийг хангалаа.

Мөн БСШУСЯ, ШУТС, Монголын Номын сангийн консерциумийн санаачилга, дэмжлэгтэйгээр дэлхийн тэргүүлэх мэдээллийн үйлчилгээний цогц үйлчилгээ /aggregator/ үзүүлэгч АНУ-ын EBSCO-ийн 2 төрлийн эрдэм шинжилгээний төрөлжсөн мэдээллийг манай “SCIENTIFIC SERVICE ROOM”-ын интернэт сүлжээний http://search.ebscohost.com/ хаягаар орж дэлхийн төрөлжсөн “Мэдээллийн сан”-гийн мэдээллийг ашиглах эрхтэй болж судлаач нартаа боломж олгож дэлхийн шинжлэх ухаан технологийн сан мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлж “Мэдээллийн танхим”-аа “SCIENTIFIC SERVICE ROOM” –ын шинэ үйлчилгээгээр баяжууллаа.

Үзэсгэлэнгийн хаалтын өдрийн торгон агшин шилдэг бүтээл тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн шилдэг бүтээлийн шагналыг зургаан бүтээгдэхүүн хүртэж байсан бол энэ жилийн “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэнд олон шилдэг бүтээл нэр дэвшиж өрсөлдөнө байх хэмээн найдаж байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Сургалт үйлдвэрлэлийн төвийг дэмжиж үзэсгэлэнд урьж оролцуулж сул хараатай иргэдийн мэргэжлийн “Барреста”-гийн кофе бэлтгэх ур чадварыг газар дээр нь харж, халуун кофег амтлах анхны үйлчлүүлэгчид нь үзэсгэлэнг зорин ирсэн Та бүхэн байхыг хүсч байна.

Уламжлалт баярын бас нэгэн бэлэг бүтэн жилийн тайланг нэгтгэсэн шинжлэх ухааны “Мэдээлэл” сэтгүүлийн 15  дахь шинэ дугаар хэвлэгдэж өнгөрсөн жилийн мэдээллийн орцыг 50 хувь нэмэгдүүлж, салбарын ажилтнуудын гар дээрт очиж байгааг дуулгахад таатай байна. Энэ дугаараас та илүү их мэдээлэл олж авна гэдэгт итгэлтэй байна.

ШУТСангаас 2018 онд 11 сарын эхний байдлаар 454 төсөл хэрэгжүүлэхээс 431 төсөлд 9,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгодож гүйцэтгэл 85 хувьтай байна.

Энэ жилийн  “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үзэсгэлэнгээр нийслэлийн хүндэт иргэн Та бүхэн зочилж монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын эрдэм шинжилгээний инновацийн бүтээгдэхүүнийг сонирхохын ялдамд шинэ дэвшилтэт технологийн үр дүнгээс гарсан бүтээгдэхүүний дээжээс худалдан авч, эрдэмтэдтэй нүүр тулан уулзах боломжоос бүү хоцроорой.

ШУТСангийн хамт олон салбарын баяраар эрдэм шинжилгээний ажилтнууддаа өөрсдийн урласан баярын урилгаа өөрсдөө урлалаа. “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн бас нэг содон бэлэг арьсан дээрх гар урлал Танд дурсгал болж үлдэнэ.

Урилгын олон төрлөөс арьсан дээрх ШУТСангийн урилга анхдагч нь байж арьсан урлалыг дэмжсэн гар үйлдвэрлэл цаашид түгэх болтугай.

Тэмдэглэлт өдрийн 3 дахь өдөр 23 -нд 11:00 цагт Corporate hoteld Баярын хурал, Монголын түүх, архeoлогийн даярчлалын тухай "Монгол орон хүн төрөлхтний үүсэл, тархалтын нэгэн голомт болох нь” баримтат богино хэмжээний кино нээлт, салбарын шилдгүүдээ тодруулахаас гадна Хүндэтгэлийн концeрт "Аз жаргал хүсьe" тоглолтоор өндөрлөнө.