"Айтүүлc" ХК-ийн III-р улирлын тайлангийн хураангуй
26. 10. 2018

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛЫН ТАЙЛАГНАЛ

Сайн байцгаана уу? Эрхэм хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд, хамтран ажиллагсад аа!

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж 3 дугаар улирлын санхүүгийн байдлын тайлан болон үйл ажиллагааны тайлангаа хүргэж байгаадаа баяртай байна. Тайлант улиралд компанийн нийт хөрөнгийн хэмжээ 2.14 хувиар нэмэгдэж 3.3 тэрбум, цэвэр ашгийн хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 34.1 хувиар нэмэгдэж 83.7 сая төгрөгт хүрсэн амжилттайгаар ажиллалаа.

Хонконг улсад бүртгэлтэй AFC (Asian Frontier Capital) хөрөнгө оруулалтын сан нь манай компанийн 11.9 хувийн хувьцааг эзэмшиж, стратегийн хөрөнгө оруулагч болсон нь Төв болон Дундад Азийн хөрөнгө оруулалтын сангуудын анхаарлыг ихээр татсан үйл явдал боллоо. Стратегийн энэхүү хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлснээр “Айтүүлс” ХК нь дотоодын зах зээлд тэргүүлэгч гэдгээ бататган, олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах бүрэн боломжийг нээж байна.

Бид 2018 онд Модуляр , Блокчейн, Санхүүгийн гэсэн тодотголтой 3 дата төвийн төсөл хөтөлбөр болон Үндэсний Клоуд системийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаагаас өнгөрсөн улиралд “Ай си ти Групп “ ХХК-ийн Дархан-Уул аймгийн обьектэд тулгуурлан Блокчейн дата төвөө бүрэн ашиглалтад оруулж, Япон улсад хоёр төрлийн үйлчилгээ үзүүлэхээр Unimedia болон Ginco компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Блокчэйн дата төв нь үйлчилгээгээ дан ганц экспортлохоос гадна, блокчейн технологи дээр суурилж програм хангамжийн хөгжүүлэлт хийдэг дотоодын ААН, баг хамт олон, хувь хүмүүсийг болон тэдгээрийн мэдлэг шингэсэн инновацийн бүтээлүүдийг хэвийн найдвартай ажиллах, хүчин чадал өндөртэй орчноор бүрэн хангахад дэмжин ажиллаж байгаа нь улс орны тэр дундаа иргэдийн нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой гэж үзэж байгааг дурьдахад тааламжтай байна. Жишээ дурьдвал: Zeel.mn – Монголын анхны P2P зээлийн систем, UBEX-Дэлхийд анхдагч блокчейн технологид суурилсан хөрөнгийн бирж зэрэг төсөл хөтөлбөрүүд дээр харилцагчдийнхаа итгэлийг үл алдан өдөр тутам олон мянган хандалтын ачааллыг даан хамтран ажиллаж байна.

Санхүүгийн салбарын харилцагчид тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллагын харилцагчид тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын TIER II стандартын шаардлага хангасан дата төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн Санхүүгийн дата төв болгох ажлыг ТУЗ-өөр батлуулан ажлаа эхлүүллээ. Хэдийгээр Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А57 тоот тоот тушаалаар арилжааны банкуудыг нөөц дата төвтэй байлгах шаардлагыг 2021 он хүртэл хойшлуулсан нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний маань голлох эрэлтийг хойшлуулсан ч бид Дархан-Уул аймагт байгуулж буй модуляр дата төвийн паркийн барилгыг нийт хувьцаа эзэмшигчиддээ амласан ёсоороо ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн өнөөгийн дэлхийн нийтийг хамарсан дижитал шилжилт Монгол улсад ч хүчээ авч байгаа нь манай компанийн харилцагчийн тоо, тэр дундаа их өгөгдлийг бий болгодог харилцагчийн тоо эрс нэмэгдэж байгаагаар харагдаж байна.

Түүнчлэн дижитал шилжилт хийж буй нийт харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахын тулд бид одоо үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж, тасралтгүй ажиллахаас гадна орчин үеийн дата төвийн хөгжлийн голлох чиглэл болох Клауд системийг бий болгох, бүтээх ажлыг эхлүүлж энэ оны 4 дүгээр улиралд хэрэглэгчиддээ Үндэсний Клауд систем, дата төвийн үйлчилгээг хүргэж, хэрэглүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ оны 4 дүгээр улиралд төлөвлөсөн ажлаа дуусгасан, зорьсон зорилгодоо хүрсэн үр дүнтэйгээр та бүхэнтэйгээ уулзахын ерөөл өргөж эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсье.

Хамтын ажиллагаанд талархсан,

Хүндэтгэсэн УРТТӨР овогтой БАЯРСАЙХАНЫ ТАМИР

“Айтүүлс” ХК-ийн Гүйцэтгэх захирал