Мэдээ мэдээлэл

Б.ТАМИР: ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ТӨР ДАНГААРАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ

2021-10-05

Айтүүлс ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Айтүүлс ХК мэдээллийн технологийн салбарт том тоглогч гэдгийг илэрхийлэх тоон мэдээллүүдээр ярилцлагаа эхлэх нь таны салбарынхаа тухай ярих яриаг өргөн цар хүрээтэй болгоно гэж бодож байна?

Энэ жил Айтүүлс компанийн 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацааг дүгнэн хэлбэл бид харилцагчиддаа физик дэд бүтцээс виртуал дэд бүтэц, виртуал дэд бүтцээс үндэсний, анхны клауд дэд бүтцийн үйлчилгээг үзүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхсаар, дотооддоо болон салбартаа анхны олон нийтэд нээлттэй хувьцаат компани болтлоо өргөжин тэлж, зогсолтгүй хөгжсөөр иржээ. Манай дата төвүүдэд 13 орны харилцагчдын 500 гаруй ТВ дата хадгалагдаж, нэг өдөрт 15 гаруй сая хандалт авч ажиллаж байна. Энгийнээр хэлбэл HD киног тасралтгүй 8400 өдөр үзэх хэмжээ, номоор хэмжвэл Дайн ба Энхийг 170 сая ширхэг хувилсантай тэнцүү хэмжээ гэж ойлгож болно. Нийт датаны 50 хувь нь сүүлийн 3 жилд л бий болсон гэхээр Монголчууд төдийгүй хүн төрөлхтөн ямар их мэдээ, мэдээлэл, өгөгдөл үүсгэж байгааг харж болохоор байна.  Бидний өдөр тутмын ажил амьдрал, гадаадаас хэдэн сая ам.доллараар импортлон авч буй интернэт гэдэг зүйлтэй, дэлхийгээр хэрэн тархсан шилэн кабелтай салшгүй холбоотой болсон. Үүнийгээ дагаад дата асар их хэмжээгээр үүсч, хадгалах, дамжуулах сав нь буюу дата төвүүд ч томорсоор байна. Бид дараагийн 10 жилийн стратегиа клауд дэд бүтцэд тулгуурлан, олон улсад үйл ажиллагаагаа тэлнэ гэж тодорхойлсон.

Таны бодлоор бид цахим үндэстэн болоход бэлтгэгдсэн үү?

Бусад улс орнуудтай харьцуулахад бид цөөхүүлээ учраас цахим шилжилтийг хурдасгаж, цахим үндэстэн болох бүрэн боломжтой. Үүнийг цаг хугацааны асуудал гэж хардаг. Бэлэн үү гэвэл хараахан итгэлтэй хэлж чадахгүй байна. Үндэстэн даяараа цахимжихын тулд 1 дүгээрт хууль эрхзүйн орчныг цогцоор нь сайжруулах шаардлагатай. Үүнд хувь хүний нууцын тухай хууль, байгууллагын нууцын тухай хууль, иргэний тухай, улсын бүртгэлийн тухай, виртуал хөрөнгийн тухай, татварын гээд голлох хуулиудыг дурдмаар байна. Цахим үндэстэн боллоо гээд шүүхийн шийдвэрээр биш прокурорын зөвшөөрлөөр хувь хүний болон байгууллагын нууцад халдаад байж болохгүй биз дээ. Өнөөдрийн бодит байдал ийм л байна. Хоёрдугаарт цахим хэрэглээ бүрийн цаана тасралтгүй өсөн нэмэгдэх, үүсч бий болох өгөгдөл буюу дата яригдах учраас, цахим үндэстний түүхий эд болсон цахилгаан эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, интернет урсгал найдвартай байх тал дээр ажиллах шаардлагатай болов уу. Товчоор хэлбэл зөөлөн дэд бүтэц, эрх зүйн орчноосоо эхлэн анхаарах хэрэгтэй үүний дараа бэлэн эсвэл бэлэн бус гэдгээ ярилцвал тохиромжтой.  Иргэнд хэрэгтэй үйлчилгээ гаргаж чадвал, хүчлээгүй, рекламдаагүй байхад л нийтийн хүртээл болно, хэрэглээнд бүрэн нэвтэрнэ. Жишээ нь банкуудын АТМ, интернет банкийг харж болохоор байна.

Төр иргэнээ таньдаг, иргэнийхээ мэдээллийг хадгалж, хамгаалж, нууцалж чаддаг, төрийн шийдвэр бүрдээ датагаа бүрэн ашиглаж, алсыг харсан, оновчтой, зөв шийдвэрийг цаг алдалгүй гаргаж  чаддаг болох нь Цахим үндэстэн болохын хамгийн том давуу тал гэж боддог. Ковидын сайн тал гэвэл хэдэн жилийн өмнөөс л яригдаж эхэлсэн цахим шилжилтийг үсрэнгүй хурдлууллаа. Эдгээрээс харвал төр ч юм уу, хувийн хэвшил дангаараа цахим шилжилтийг хийх ямар ч боломжгүй. Тийм учраас төр, хувийн хэвшлийн сайн хамтрал, зөв ойлголцол маш их хэрэгтэй.

АйТи салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниудын чадавх хэр байна гэж та боддог вэ?

Монгол улсын бизнес регистрийн санд 2020 оны эцсийн байдлаар мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн 2200 орчим аж ахуй нэгж байна. Компаниудын чадавх харилцан адилгүй. Зарим нь зөвхөн програм хангамж хөгжүүлээд явж байхад зарим нь олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж, зарим нь мэдээллийн технологийн кластер үүсгээд явж байна. Яг үнэндээ манай салбарт даацтай, өргөн хүрээг хамарсан судалгаа ч алга байна.

Цахим шилжилтийг хувийн компаниуд манлайлаад явах боломж бий юу? Төр хийх гэхээр садаа мундахгүй юм?

Энгийн жишээгээр ойлгомжтой тайлбарлах гээд үзье. Өнөөдөр иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулдаггүй байх шийдлийг манай салбарын хувийн хэвшлүүд гаргаад, шийдлээ бодит үйлчилгээ болгох бүрэн боломжтой. Гэвч иргэний тухай хууль, нотариатын тухай гэх мэт хуулиудад гар дүрэхтэй нүүр тулна. Ингэхээр хувийн хэвшил дангаараа цахим үндэстэн болох шилжилтэд манлайлал үзүүлэх боломжгүй. Өөрчлөлтүүдийг том зургаар нь харж хийхэд мэдээж хугацаа авна. Иймээс төр санаачлагчтай, хувийн хэвшлүүд хурдтай ажиллаж чадвал Монголчууд чадна.

Хувь хүний мэдээллийн нууцлалыг хэн хангаж ажиллах ёстой юм бэ?

УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулганаар манай салбартай хамааралтай хэд хэдэн хуулийн төслүүд хэлэлцэгдэнэ. Үүний нэг нь хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль. Энэ хуулийн төслийг харвал илүүтэй төр, иргэн хоёрын хяналт, зохицуулалт талдаа болох гээд байх шиг харагдсан. Гэвч хүний генетикийн болон биометрик, эрүүл мэндийн, санхүүгийн мэдээллийг хувийн хэвшлүүд хамгийн ихээр цуглуулж, хадгалж байна шүү дээ. Манай санхүүгийн дата төвийн дам үйлчлүүлэгчийн тоо гэхэд л 2.5 саяд хүрсэн судалгаа бидэнд байна. Яг үнэн хэрэгтээ төр иргэнээ таниад, бүртгээд нууцыг нь хамгаалахаас илүү хувийн хэвшлүүд харилцагчаа таньж, илүүтэйгээр нууцыг нь хадгалж байна. Үүнээс харвал хувь хүн, хуулийн этгээд, хуулийн эрхгүй этгээд гээд бүгд л хүний хувийн нууцыг чандлан хадгалах хэрэгтэй. Манай компани л гэхэд давхардсан тоогоор 2.5 сая хүний эрүүл мэнд, санхүү, боловсролын мэдээллийг хадгалж, хамгаалж, цахим хилийн манаанд нүд цавчилгүй зогсож, өдөр бүр ирэх халдлагуудтай тасралтгүй тэмцэж байхад хуулийн төслийн дэд ажлын хэсэгт ч оруулаагүйд гайхаж байлаа. Төрд байгаа бидний мэдээлэл найдвартай хадгалагдаж байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Хүн бүр нууцтай байх эрхтэй ч нууцыг нь бүрэн хамгаалах хуультай, бодлоготой, хүлээлгэх хариуцлагаа тодорхойлчихоод цахим үндэстэн гэж ярьж эхлэх нь зөв.

Биг датаг шийдвэр гаргалтад ашиглаж буй сонгодог жишээ гэвэл та Монголд юуг нэрлэх вэ?

Датаг яах гэж цуглуулдаг юм бэ? Хувь хүмүүс дурсамжаараа аялах гэж, эргэн санах гэж хувийн мэдээллээ хадгалдаг байх. Харин төр нь ч компаниуд нь ч шийдвэр гаргахын тулд датаг хадгалдаг, хамгаалдаг, боловсруулаад ашигладаг. Зүгээр нэг сервер дүүргэх гэж хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтэй хүнд худалдах гэж хадгалдаггүй л байх. Миний хувьд одоогоор бигдата сайн ашигласан сайн жишээ хэлж мэдэхгүй байна. Магадгүй байхгүй байх, байсан бол төрийн санхүүжилттэй АйТи-ийн макро төсөл, салбарынхаа хязгаарлагдмал болон хувьцаат компаниудад ажилласаар ирсэн тодорхой туршлага байгаа учраас мэдэх байсан биз.

Цахим үндэстэн болоход таны бодлоор бидэнд хэдэн жил хэрэгтэй вэ?

Монгол Улсын Алсын хараа 2050-ийн Засаглалын бодлогод 2021-2030 оныг мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх үе байхаар заачихсан байдаг. Магадгүй энэ хугацаанд юм болов уу. Гэхдээ Алсын хараагаар тогтоосон хугацааг хараад салбарын хөгжил, дэлхий нийтийн хөгжил удааширна гэж байхгүй. Хувийн хэвшлүүд илүү олон улсад гарч ажиллахын төлөө явж байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл Алсын хараа 2050-д 2030 онд судалж, нэвтрүүлнэ гэсэн үүлэн технологийн шийдлийг манай компани 2019 онд зах зээлд нэвтрүүлчихсэн, өнөөдөр хэрэглэгчдээ сургаад, алдаа оноон дээрээсээ суралцаад, дэд бүтцээ 3 дахин нэмэгдүүлээд явж байна.

Бид иргэний үнэмлэхээ нотариатоор батлуулдаггүй болохын тулд хаанаас эхлэх ёстой вэ?

Хамгийн наандаж улсын бүртгэлийн хуулиасаа эхлэх хэрэгтэй.